Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Эхний ээлжинд зарим монгол ажилчид Чех Улсаас явжээ.

Эхний ээлжинд зарим монгол ажилчид Чех Улсаас явжээ.

3. Бар сарын 2009 | үзсэн хүний тоо: 2339

Эдгээр хүмүүс эдийн засгийн хямралаас шалтгаалан ажилгүй болсон хэдий ч Шилжин суурьшилтын асуудал эрхэлдэг олон улсын байгууллага (ИОМ) болон бусад байгууллагуудын хамтран зохион байгуулж буй сайн дураараа эх орондоо буцах төслийн тусламжаар ажлаас халагдаж буй гадаадынхан нутаг буцах боломжтой болж байна

Эхний ээлжинд зарим монгол ажилчид Чех Улсаас  явжээ. Эдгээр хүмүүс эдийн засгийн хямралаас шалтгаалан ажилгүй болсон хэдий ч Шилжин суурьшилтын асуудал эрхэлдэг олон улсын байгууллага (ИОМ) болон бусад байгууллагуудын хамтран зохион байгуулж буй сайн дураараа эх орондоо буцах төслийн тусламжаар ажлаас халагдаж буй гадаадынхан нутаг буцах боломжтой болж байна. Чех Улсаас нисэх онгоцны тийзнээс гадна эх нутагтаа буцаж очсон эхний үед санхүүгийн дэмжлэг  үзүүлэх зорилгоор мөнгөн тэтгэлэг санал болгож байгаа юм. Шилжин суурьшилтын асуудал эрхэлдэг олон улсын байгууллагын БНЧех Улс дахь салбарын дарга Сурган хүмүүжүүлэх ухааны доктор Луцие Сладкова сайн дураар эх орондоо буцахын утга агуулгыг  танилцуулж, ойрын хугацаанд энэ хөтөлбөрт оролцохыг хүссэн хүмүүст ямар ач холбогдолтой болохыг  тайлбарлаж байна.

 

Эх орондоо сайн дураараа буцах хөтөлбөрийнхөө талаар танилцуулахгүй юу? Энэ хөтөлбөр яг ямар хүмүүст зориулагдсан юм бэ?

Эх нутагтаа сайн дураар буцах хөтөлбөр нь дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын ур дагавартай тэмцэхэд чиглэсэн Чех Улсын засгийн газрын нэг арга шийдэл юм. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбогдон хүмүүс олноороо ажлаас халагдаж, гэнэт ажилгүй, мөнгөгүй болох  явдал их тохиолдож байгаа бөгөөд цаашдаа ч ийм тохиолдлууд улам.ихсэнэ.  Эдийн засагт бууралт гарсан үед эхний ээлжинд гадаад иргэд ажилгүй болдог. Ирэх хагас жилийн хугацаанд Чех Улсад 70 мянга хүртэл гадаад иргэд ажилгүй болно гэж Дотоод хэргийн яам тооцоо гаргаад байна. Тэгэхээр манай хөтөлбөр ажлаасаа халагдсан болон эдийн засгийн хямралын хүнд үеэр эх нутагтаа буцахаар шийдсэн  хүмүүст зориулагдсан юм.

 

Хөтөлбөрт ямар хүмүүс хамрагдах вэ?

Хөтөлбөрт хамрагдах хүн хэд хэдэн болзлыг хангасан байх ёстой. Үүнд, Европын Холбооны гишүүн орноос бусад улсын иргэн байх, тус улсад хуулийн дагуу оршин суух, хүчин төгөлдөр бүхий оршин суух зөвшөөрөл эсвэл гарах визтай байхаас гадна нутаг буцах зардлаа өөрөө гаргах чадваргүй хүмүүс хамрагдана. Сайн дураараа эх орондоо буцах хөтөлбөрт оролцохыг хүссэн гадаадын иргэдэд онгоцны тийзнээс гадна нутагтаа буцсан эхний үед санхүүгийн туслалцаа болгож насанд хүрсэн хүнд 500 Евро, хүүхдэд 250 Евро олгож байна.

 

Эх орондоо сайн дураараа буцах хөтөлбөр ажилгүй болсон гадаад ажилчид, тэдний гэр бүлийн байдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Манай улсад амьдарч байгаад ажилгүй болсон ихэнх гадаадын иргэдийн хувьд эх нутагтаа буцах нь хамгийн зөв шийдэл болно. БНЧех Улсын Дотоод хэргийн яамнаас тус улсын засгийн газарт хүлээлгэн өгсөн материалд ажилгүй болсон гадаад иргэдийн тоо нэмэгдэж байгаагийн улмаас ойрын ирээдүйд үүсч болзошгүй ээдрээт байдлын талаар танилцуулсан. Ажилгүй болсон эдгээр хүмүүс мөнгө олохын тулд хууль бусаар ажиллаад зогсохгүй гэмт хэргийн ертөнцийг бүрэлдүүлэх салшгүй хэсэг болж болох магадлал байгаа юм. Тэгэхээр хувь хүн бүр өөрийнхөө байдлыг сайтар эргэцүүлэн бодож Чех Улсын засгийн газраас санал болгож буй хөтөлбөрт оролцох эсэхээ  шийдэх ёстой.

 

Гадаадын иргэд хэзээ, хэрхэн яаж хөтөлбөрт оролцож болох вэ?

Эх орондоо сайн дураараа буцах хөтөлбөрт оролцох хүсэлтэй гадаадын иргэн бүр Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн хэлтэсээс олгодог бүртгэх хуудас бөглөнө. Ингэснээр Шилжин суурьшилтын асуудал эрхэлдэг олон улсын байгууллага /ИОМ/ тээврийн асуудлыг зохион байгуулж, нутаг буцахынх нь  өмнө туслалцаа үзүүлэх бөгөөд мөнгөн тэтгэлгийг Чех Улсаас нисэхэд  нь олгоно. Ажлаа алдсанаас үүдээд амьдарлын бэрхшээлд орсон гадаадын иргэн хөтөлбөрт хамрагдах болзлыг хангасан тохиолдолд хөтөлбөрт бүртгүүлснээс эхлэн нисэх хүртэлхи хугацаанд орон байр, хоол ундаар хангагдана.  Эх орондоо буцах хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг монгол хэл зэрэг нийт найман хэлээр нийтлэсэн материалыг төрийн болон төрийн бус байгууллага, ИОМ, Чех Улсын Дотоод хэргийн яамны http://www.mvcr.cz/ цахим хуудаснаас авч, xxxxxxxxxxxxxxx утаснаас лавлаж болно. Хөтөлбөрийн эхний шат нь 2 дугаар сарын 16-аас эхлэн  8 сар үргэлжилэх бөгөөд одоогоор өдөрт нэлээд хэдэн үндэстний 50 – 60  хүн шинээр бүртгүүлж байна. 

 

ИОМ энэ хөтөлбөрт ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

ИОМ нь гадаадын иргэдийг унаа тээврээр хангаж, эх орондоо буцах асуудлыг зохицуулж байна. Манай байгууллага дэлхийгээр таран суусан гадаадын иргэдийг эх орондоо сайн дураараа хийгээд бусдын тусламжтайгаар буцах ажлыг зохион байгуулах олон жилийн туршлагатай. Хэдийгээр энэ хөтөлбөрийг стратегийн хувьд түр зуурын гэж хэлж болох боловч амь зуулгын асуудалд  аюул нүүрлэж болзошгүй болоод байгаа өнөөгийн байдлаар гадаадын иргэдэд санал болгож байгаа хамгийн тохиромжтой шийдэл гэж бодож байна.. Хэрэв гадаад иргэн сайн дураараа нутаг буцахаар шийдсэн бол бид манай улсаас гарч явах төдийгүй дамжин өнгөрөх бүх хугацааны туршид  туслалцаа үзүүлэх болно. Үүнээс гадна, бид хөтөлбөрийнхөө хүрээнд гадаадын иргэд эх орондоо буцсаны дараа шинэ орчинд дахин дасан зохицох гэсэн эмзэг чухал асуудалд анхаарлаа хандуулж  байдаг.

 

Эх орондоо шинэ орчинд дахин дасан зохицох гэдгийг юу гэж ойлгох вэ?

Энэ туслалцаа хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь эх орондоо буцах үед хувь хүнд шууд олгож байгаа мөнгөн тэтгэлэг болно. Зөвлөх үйлчилгээ зөв хийгдсэн тохиолдолд энэ мөнгөн тэтгэлэг цаашдаа улам өргөжиж, тодорхой хэмжээний  мөнгөн шилжүүлэг болно гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Хоёрдахь хэсэг нь ирээдүйд засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд тухайн гадаадын иргэдийн эх оронд зохион байгуулах эх нутгийнхаа шинэ орчинд дахин дасан зохицох хөтөлбөрүүд болгох төлөвлөгөөтэй. Энэ хөтөлбөрүүд нэг юм уу хоёр магадгүй нэлээд хэдэн  жилийн хугацаатай  хэтийн хөтөлбөрүүд болоосой гэж бид маш их хүсч байгаа. 

 

Эх орондоо сайн дураараа буцах хөтөлбөрт оролцохоор шийдсэн гадаадын иргэдийн дотор монголчууд нэлээд байсан. Үүнийг та юугаар тайлбарлах вэ?

Өөрийн улсын иргэдийн өнөөгийн байдлын тулгамдсан асуудалд анхнаасаа их анхааралтай ханддаг элчин сайд монголчуудад их түшиг тулгуур болж байна. Тэрээр манай улсын хот тосгоноор тархан суусан монголчуудын бүлгүүдийн тэргүүнүүдтэй хамтран ажиллаж Чех Улсын засгийн газартай хамтран үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх арга замыг олох гэж хичээж байна. Монгол Улсын элчин сайд нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж өөрийнхөө иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлаж байгаагийн ачаар монголчууд мэдээлэл сайтай, асуудлыг сайн дураар шийдэхэд шаардагдах бүх мэдээллээр хангагдсан байна. Хөтөлбөрт бүртгэгдээд байгаа хүмүүсийг тодорхойлох юм бол ерөнхийдөө нэлээд шийдэмгий, өөрсдийнхөө байдлыг бодитой, үнэн зөв дүгнэж чадаж байгаа хүмүүс гэж бид үзэж байна. Эх орондоо сайн дураараа буцах хөтөлбөрт оролцож хамтран ажиллаж байгаа  монголчуудыг чехийн талаас  их өндөрөөр үнэлж байгааг  би онцлон  хэлмээр байна. Хөтөлбөрийн хүрээнд нутагтаа буцаж байгаа  гадаадын иргэд дараа нь хэзээ нэгэн цагт Чех Улсад эргэн  ирж ажиллахыг  хүссэн тохиолдолд БНЧех Улсын Элчин сайдын яаманд хөдөлмөр эрхлэх зорилгоор виз мэдүүлэх асуудлаар давуу эрх эдлэнэ гэсэн тус улсын Дотоод хэргийн яамны  батламж бичиг авна.

 

 

Эдгээр хүмүүс ямар сэтгэгдэлтэй нутагтаа буцаж байгаа вэ?

Нутагтаа буцаж буй ихэнх хүмүүсийн сэтгэл санаа гайгүй тайван байдалд байгаа нь амарсан бололтой. Эх орноосоо хол,  хүний нутагт дээрээс нь тэс ондоо зан заншилтай газар  ажилгүй болсон хүн учраа олохгүй  сандарч яваа нь мэдээж.  Хэдийгээр энэ хүмүүс тус улсад хуулийн дагуу оршин суух эрхтэй байгаа ч ажлаа  алдаад зогсохгүй амьдрах байраа ч алдсан  байж болох..  Ийм хүнд үед нь  нутаг буцахад нь зуучлаж, замын зардлыг нь даахаас  гадна Чех Улсын засгийн газраас эх орондоо очоод эхний үед туслалцаа болох мөнгөн тэтгэлэг авах нь тэдэнд ашигтай  гэдгийг  ойлгосон. 

 

Гадаадын иргэд хөтөлбөрт оролцохгүй, Чех улсад оршин суух эрх нь дууссан хойно ч цаашид энд амьдрахыг шийдсэн тохиолдолд чехийн тал ямар арга хэмжээ авах вэ?

Гадаадын иргэд сайн дураар хөтөлбөрт оролцохгүй, мөн манай улсад хуулийн дагуу оршин суух эрх нь дууссан тохиололд Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн цагдаагийн газрынхан хуульд заасны дагуу арга хэмжээ авах болно гэж Дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн. Хуулийн дагуу оршин суух эрх нь дууссан этгээдийг  Чех Улсаас албадан гаргах  магадлал өндөр  байна. Улмаар, манай улсаас албадан гаргасан этгээдийн талаар   холбогдох байгууллагууд бүртгэж аваад зогсохгүй  тус этгээд дараа  дахин Чех Улс төдийгүй Шенгены бүх орнуудад зорчих асуудлаар шийдвэр гаргахад ноцтой нөлөөлөх болно. Иймд, цагийг нь тулгаж  хүлээх, хараар ямар нэгэн ажил хийе гэж бодох нь ухаалаг зөв шийдвэр биш юм.

 

 


Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie