Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Монгол хэлний орчуулагч Жагаа

Монгол хэлний орчуулагч Жагаа

20. Туулай сарын 2009 | үзсэн хүний тоо: 1936

Монгол хэлний орчуулагч Жагаа: би хүмүүсийн зовлонг хажуунаас нь хараад зүгээр сууж чаддаггүй гэснээр Чехийн сурвалжлагч Марие Елинковатай ярилцлaгаа эхлэв. Сэдэв : Плзэнь хотын нутаг дэвсгэрт амьдарч байгаа монгол иргэдийн одоогийн байр байдлын талаар болон дуурийн дуучин бүсгүй хэрхэн орчуулагчын мэрэгжил эзэмшсэн тухай нь ярилцлaга хийв.

Би чамайг анх Плзэнь хотод үндэснийхээ хувцастай дуулж байхыг харсан.  Яаж монголын  дуурын  дуучин хүн Чехийн нутагт  ирсэн тухайгаа ярина уу?

Би дээд сургуулийн дууны ангид сурч байлаа. Тэр үед миний хамгийн дотно найз бүсгүй Чех улсруу явахаар шийдсэн юм би ч гэсэн найзтайгаа хамт явахыг хүсч  энэ тухайгаа аав ээждээ хэлсэн боловч тэд зөвшөөрөөгүй. Тийшээ явахыг хүссэн гол шалтгаан нь дэлхий ертөнцийг тэр дундаа европыг таньж мэдэх хүсэлтэй байлаа.Анх Чех улстай телевизийн дэлгэцээр Владимир Меншик , Нисдэг Честмир ба Арабелагаар танилцаж сайхан төсөөлөл авч байж билээ. Ингээд би ээж аавдаа нэг жилийн дараа буцаж ирнэ гэж амлан сургуулиасаа чөлөө авч  энд ирсэн.  Жилийн дараа би ээж  ааваасаа дахиж нэг жил Чэх улсад байхыг хүсэж байна  гэж зөвшөөрөл авч байсанч дараагын жил нь ахиад л энэ байдал давтагдсан.Чехэд би их олон сайхан найз нөхөдтөй   болсон. Би монголд байхдаа ээж аавдаа эрхлээд  л, дөрвөн ах дүүтэйгээ хамт их сайхан хөвөн дээр байгаа шиг амьдардаг байсан. Эцэг эхээсээ  би хэрэгцээтэй мөнгөө хэлж авдаг байлаа.Харин би Чехэд  биеэрээ  ажил хийж эхэлсний дараа л Монголд өөрийгөө  их хангалуун амьдарч байснаа мэдэрсэн. Чехэд би  анх ажил хийж эхэлж , амьдралыг  биеэрээ үзэн, амьдралын дээд сургуульд сурч  байна.

Чиний хувьд  чехийн виз авахад саад их байсан уу?

Байгаагүй.Би найзтайгаа хамт ирж байсан. Миний найзын ах нь чех авгайтай, чехийн иргэн  хүн байдаг, тэр  бидэнд бүх зүйлийг хөөцөлдөж тусалсан. Ерөнхийдөө би их азтай байсан. Дөрвөн жилийн өмнө анх Хавличкув Брод хотод гэрээгээр  ажиллахаар чехрүү галт тэргээр явж байх замд  бидэнд тэр үйлдвэр ажилгүй болсон гэсэн мэдээлэл ирж байсан. Биднийг  анх  ирээд буухад бороо орсон бүх юм мэдэхгүй танихгүй харагдаж би их л ганцаардаж гэрээ санаж байсан. Миний аз таарч нэг монгол ахмад хүнтэй тааралдаж  тэр ах надад  Початкы гэдэг тосгонд шинэ ажил олж өгч тусалж , би тэнд гурван жил ажилласан. Би тэр газарт их хайртай. Початкы – Үүсвэр , эхлэл гэсэн утгатай нэр нь хүртэл надад сайхан билэгтэй сонсогддог.

Чи харин чех хэлийг  хурдан сурсан байна , тиймээ?

Хагас жилийн дараа би овоо ойлголцож харьцдаг болж жилийн дараа  саадгүй яридаг болсон. Надтай хамт дотуур байранд амьдарч байсан словак найз хүүхнээс би хэл сурсан. Надад их тусалсан. Чи чехэд амьдарч байгаа учраас чех хэл сур гэж  надтай чехээр байнга ярьж бас албан газруудад яаж хандах тухай тайлбарлан хэлдэг байлаа.  Би бас тэр найзтайгаа байхыг хүсэж эхний жил чехэд үлдэж байсан. Одооч бид сайхан найзууд хэвээрээ..

Чи яагаад  Початкы тосгоноос нүүсэн бэ ?

Гурван жил өнгөрсний дараа түрүү жил би амралтаараа нутагтаа  явахаар тохирсон байлаа. Гэтэл үйлдвэрт их захиалга ирж үйлдвэрээс надад амралт олгох боломжгүй гэж хэлсэн. Би нутаг явах онгоцны билет авсан байсан тэгээд ч  гэрээ их санасан байсан болохоор би ажлаас гарах өргөдлөө өгсөн. Би өөрийгөө цаашид Чехэд байх боломжгүй болно гэдгийгээ ойлгож байсан боловч  зүрхэлж шийдсэн. Миний хувьд  азтай нь би ямарч өргүй байсан. Эцэст нь албан газартайгаа тохирч амралтаа авснаас гадна надад цалингүй чөлөө олгосон нь  өөртөө шинэ ажил эрж олоход их хэрэг болсон. Тэр үед би Diecézní Charitа Plzeň ( Диеэцэзний Харита нэртэй ) Плзень хотод орших төрийн бус байгууллагад хааяа орчуулга хийдэг байсан. Би тэр байгууллагад хандаж тусламж хүссэн. Надад тэр байгууллагаас  McDonald –д ажил олж өгсөн. Чехээр сайн ярьдаг болохоор ажил хийх зөвшөөрөл авахтай холбогдсон бүх бичиг цаасыг өөрөө хөөцөлдсөн. Чехээр ярьж чаддаг хүнд албан газрууд илүү сайн үйлчилдэг. Шинэ ажил маань надад бас таалагдаж байлаа. Хамт олонтойгоо  бид  гурав хоногоор дугуйгаар явж амарч байсан. Монголд би ингэж дугуйгаар явж байгаагүй.

Монголд чи дуурийн дуугаар хичээллэж байсан чехэд үргэлжлүүлж байна уу?

Тиймээ. Чехэд би  дууны маш сайн професор багшыг олж  Праг хотруу явж заалгадаг.

Charitа – Харита гэдэг байгууллагатай чи яаж  ажиллаж эхэлсэн бэ?

Чех-монголын хамтрал байгууллагыг үндэслэгч Ариунжаргал гэгч эмэгтэй намайг дуудаж олон нийтийн ажиллагаан дээр дуулуулдаг байлаа. Нэг удаагын уулзалтан дээр би Харита байгууллагыг  төлөөлсөн хүнтэй танилцаж  хамтарч ажиллах болсон.Эхлээд би дуулдаг байгаад дараа нь орчуулга хийж тусалдаг  болсон. Ер нь би Початкы - тосгоноос Плзень хотруу явах их дуртай байлаа яагаад гэвэл Плзеньд миний аавын талын хамаатан байдаг. Надад тэднийд байхад гэртээ байгаа юм шиг санагддаг.

Чи одоо  Харита  байгууллагад  юу хийж байна?

Янз бүрийн юм хийж хүмүүст боломжоороо тусалдаг, голцуу орчуулга хийдэг. Заримдаа албан газрууд дээр, ихэвчлэн эмнэлэгт монгол өвчтөн ба эмч нарын хооронд орчуулга хийдэг. Мөн одоогийн байдлаар ажилгүй болсон монгол хүмүүст  эсвэл чехэд ирээд  ажилдаа  огт ороогүй ажилгүй болсон монгол хүмүүст тусалж байна. Байдал улам хүндэрч байна. Фирмүүд олноор ажилчидаа халж байна
.
Өөрийн хүслээр нутагтаа буцаж байгаа ажилгүй хүмүүст туслаж байна уу?

Тиймээ. Би ажил ихтэй, нэг үед би бараг унтдаггүй байсан. Ажлаасаа шууд орчуулганд явж  жоохон унтаад  дараа нь ажилдаа явж ирээд  ахиж орчуулга хийдэг байлаа. Ажил олгодог олон агентурууд  татан буугдаж олон ажилчид  эзэнгүй үлдсэн. Зарим хүмүүсийн визын хугацаа дуусаж  энд хараар байж байхад , зарим нэг нь ажилгүй болж, зарим хүмүүс нь албан ёсоор цалингүй амралт аваад байдал дээшлэхийг хүлээж байна. Виз хүчинтэй байхын тулд ажил хийж болно гэсэн зөвшөөрөл  авсан байх  ёстойгоос гадна гол нь ажилтай байхад л зөвшөөрөл олгодог  гэдгийг олон хүн ойлгодоггүй. Надаас яах вэ гэж үргэлж асууж байдаг. Мөнгө ч үгүй таньдаг айлуудаараа эсвэл нууцаар дотуур байруудаар амьдарч улам л өрөнд орцгоож байна. Би тэр хүмүүст өөрийн хүслээр нутаг буцах төсөлд  хамаарагдаж бага ч гэсэн мөнгөтөй монгол явах  сайхан боломж олдож байгааг  тайлбарладаг.

Зарим  хүмүүс одоогоор ажилтай байгаа болохоор ажилгүй болох асуудал тэдэнд тохиолдохгүй гэж найдаж байгаа. Гэвч зарим фирмүүд  жишээ нь  Паносоник цаашид ажилчидаа халах сурагтай байна. Зарим татан буугдсан ажил олгогч агентурууд өөрийн ажилчидыг өөр агентурт зээлүүлж дамжуулсанаас болж ажилчид нь  өөрсдийгөө аль байгууллагын харьяанд ажиллаж байгаагаа ч мэдэхгүй байдаг. Чехэд ажил олгодог агентурууд  ажилчидыг хүн гэж авч үзэхгүй  худалдааны бараа шиг үзэж  гол нь мөнгө олохыг хүсэж ажилладаг. Яагаад  тэднийг шалгадаггүй юм бол гэж би гайхдаг.

Плзений нутаг дэвсгэрт амьдарч байгаа монголчуудад тулгарч байгаа ноцтой асуудал юу вэ?

Ажил. Монгол хүмүүс гол нь хөдөлмөр хийхийг л хүсэж байна. Бага өр тавьсан хүмүүс нутагтаа буцахыг хүсэж байгаа. Харин дөрөв, таван  мянган еврогоос дээш  өртөй хүмүүс нутаг буцахыг хүсэхгүй байгаа. Одоогын нөхцөлд Чех улсруу ажлын гэрээгээр тэр  тусамаа агентураар дамжин ирэхгүй байхыг зөвлөж байна. Зарим албан газрууд гадаадын ажилчидыг зөвхөн агентураар дамжуулж ажиллуулахыг хүсдэг. Байгууллагуудад энэ хэлбэрээр ажиллуулах нь ашигтай  ба төвөггүй байдаг.

Таны хийж байгаа ажлыг монголчууд яаж мэддэг вэ?

Харита байгууллагын  Гадаадын иргэд ба дүрвэгчидэд  зөвлөгөө өгөх танхимын тэргүүлэгчтэй бид дотуур байруудаар  явж  Монголчуудтай уулзаж , тэдэнд өөрийн хүслээр орон нутагтаа буцах боломж байгаа талаар мэдээлэл өгдөг. Энэ үйлчилгээг чехийн  Дотоод хэргийн яамнаас  явуулж байгаа сурталчилгаа мэдээлэл хүртээх төсөвийн хүрээнд  хийж байгаа. Монгол хүмүүс энэ мэдээлэлийг бусдад түгээж дараа нь хүмүүс надруу ярьдаг. Би тэдэнд Харита байгууллагад  эсвэл Гадаадын иргэдэд зориулсан харилцах төвд хандахыг  зөвлөдөг.  Плзень хотын төв захиргаан дээр Гадаадын иргэдэд зориулсан харилцах төв нээгдээд ажиллаж байгаа.  Орон сууцгүй болсон  Монгол хүмүүс их хэцүү байдалд ордог. Хотын төв захиргаанаас тэр хүмүүст туслах боломж  байдаггүй.

Плзень хотод байгаа  зарим Монгол хүмүүсийн байдал их хүндэрч хоол хүнсээр дутагдаж байгаа гэж сонссон.

Тиймээ.  Бид хэд хэдэн удаа Харита багууллагатай   хамтарч хүмүүст хоол хүнс  тараааж  өгсөн. Идэх хоол ч үгүй  Монгол хүмүүс чехэд байна гэж сонсоод  чехийн иргэд  Харита байгууллага дээр мөнгө болон  идэш ууш жишээ нь төмс, сонгино гэх мэт төрөл бүрийн зүйлс авчирч өгсөн. Өөр олон байгууллагууд тусалж байгаа , жишээ гэхэд Еvangelické sbory (Евангелицке зборы) нэртэй сүмээс  Монголын иргэдэд мөнгө цуглуулж тусламж үзүүлсэн. Чехэд 5 сарын өмнө ирээд огт ажилд ороогүй Монгол хүмүүсийн  амьдарч байгаа дотуур байрны ойролцоо байдаг Chrást (Храаст) сүмтэй бид хамтарч ажиллаж байгаа. Ирснээс нь  хойш  цалингүй чөлөө өгсөн  ажилчиддаа  ажил олгогч агентур нь хааяа  хоёр гурван өдрийн  ажил  олж хийлгэж  байрны мөнгийг нь  л төлүүлж байна. Бусад хэрэгцээний  мөнгө тэр хүмүүст үлддэггүй.  Чехэд ажил бүр байхгүй гэвэл бас худлаа. Зөвхөн тэр ажлыг олох нь хэцүү. Чех хүмүүс хийхийг хүсдэггүй ажил байдаг. Тэр ажлыг олж өгч тусалсан хүнд   ойролцоогоор арван мянган крон төлдөг.Урьд нь Чехэд ажил олж өгч үйлчилсэн хүнд ойролцоогоор гурван мянган крон төлдөг байсан.  Дотуур байранд амьдарч байгаа хүмүүс нь юу ч үгүй хоосон, хоол ба ариун цэврийн хэрэгсэл ч авах мөнгөгүй бөгөөд  ямарч ажил олох боломжгүй байдаг. Тэгээд ч одоо чехийн хөдөлмөрийн товчооноос  гадаадын иргэдийг ажиллуулахыг хүссэн албан газруудад  маш бага тоогоор  зөвшөөрөл олгодог болсон. Цаг үе одоогоор хүнд байна. Би  үүнийг хараад зүгээр сууж чаддаггүй. Би хүмүүст  туслаж  ажилаа  сайн  хийхийг  хичээж байна. Чехэд миний  орчуулагч болохийг хүсэж байсан мөрөөдөл маань биелэгдсэн. Дууг би эцэг эхийнхээ  хүслийн дагуу  сурч байсанч , дандаа  орчуулагч  хийхийг  л  хүсдэг  байсан. Зөвхөн нөхцөл байдал өөр байсан бол надад илүү таатай байх байсан.

 


Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie