Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Плзэний Монголчуудын байдал хүнд хэвээр байна

Плзэний Монголчуудын байдал хүнд хэвээр байна

30. Бар сарын 2009 | үзсэн хүний тоо: 1573

     Чехийн баруун хэсэгт орших Плзэнь  уугуул хүн амд нь ногдох  тоогоор гадныхан хамгийн олноороо суурьшсан хот юм. Монголчууд эдний дотор тооны хувьд томоохон нийтлэгийн нэгд ордог. Тэд тус хотын том үйлдвэрүүд ажилчдаа халах давалгаанд  вьетнамчуудын хамтаар олноороо өртсөнөөр  эдийн засгийн хямралд хамгийн ихээр нэрвэгдэгсдийн нэг болжээ. Хэдхэн долоо хоногийн дотор тэдний нилээд хэсэг нь ажилгүй болж аз тохиосон нэг нь цалингүй чөлөө авч ажилтай нэртэй л үлдсэн байна. Плзэнь хотын сайн санааны байгууллагын дүрвэгсэд ба гадаадынханд зөвлөлгөө өгөх төвийн ажилтан Хэлэна Духкова монголчуудад туслахыг хичээж байгаа хүмүүсийн нэг бөгөөд түүний хэлснээр бол 2008 оны арван нэгдүгээр сараас эхлэн байдал хүндэрч эхэлсэн гэнэ. Энэ үеэс фирмүүдэд гаднаас захиалга ирэх нь багасч үүнээс болон тэд ажилчдынхаа цалинг олгож чадахгүй болж эхэлжээ. Плзэнь дэх гадаад ажилчдын ихэнх нь хөдөлмөр зуучлалын агентурын зуучлалаар ажиллаж байсан учир өөрсдийнх нь талаар агентур нь санаа тавина хэмээн найдаж байсан юм. Олонхи монголчуудад энэ үеэр  нийтийн байрны төлбөрийг агентурууд нь төлөх нөхцөлтэйгээр цалингүй амралт авахыг санал болгожээ. Энэ нь үнэн хэрэгтээ тэдгээр монголчуудыг ямар ч орлогогүй урьд нь хураасан мөнгөөрөө эсвэл эргэн тойрныхоо хүмүүсийн тусламжтайгаар л амьдрахаас өөр аргагүй байдалд оруулж. Тэдний зарим нь ядаж л байртай үлдсэнээ азтайд тооцон баярлаж байлаа.  2009 оны хоёрдугаар сард үйлдвэрүүд ажилчдаа олноор нь халах болсноор байдал огцом хүндэрсэн юм. Олонхи монголчуудын хураасан мөнгө энэ үед дуусчээ. Тэд эрүүл ахуйн үндсэн хэрэглээний зүйлээ авах байтугай хооллох ч мөнгөгүй болсон байв. Хэлэна Духковагийн хэлснээр тэд ийнхүү гарах гарцгүй хүнд байдалд оржээ. Тэдний олонхи нь өлсөж, өвдөж зовохын зэрэгцээ хөгцтэй муу байранд олуулаа чихэлдэн амьдарч үүнээс гарах ямар ч найдваргүй  байдалд байна.

     Тэдэнд ажил олж өгөх бүх оролдлого бүтэлгүй боллоо. Нэгэнт бүтэх магадлал багатай нь тодорхой учир Сайн санааны байгуулагынхан  одоо энэ талаар нэг их  хөөцөлдөхгүй гэнэ. Хямралын үед мэрэгжил шаардагдахгүй ажилд Чехүүд өөрсдөө орохоор санал өгч байгаа ба чехийн хуулиар ажил олгогчид тэдэнд давуу эрх эдлүүлэх үүрэгтэй юм.

     Сайн санааны байгууллагынхан одоогоор хотын захиргаа, сүм хийдийн байгууллагатай хамтран Монголчуудад хоол хүнс, эрүүл ахуйн үндсэн хэрэглэлийг олгох хэмжээнд л хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж байна. “ Үүнээс илүүгээр туслах боломж бидэнд алга одоогийн үзүүлж байгаа тусламж нь бидний бололцооны дээд хязгаар юм” хэмээн Хэлэна Духкова нэмж хэллээ. Гуравдугаар сарын сүүлчээр байдал улам хүндэрч магадгүй учир нь энэ үед дор хаяж зуун монголын ажлын зөвшөөрлийн хугацаа дуусна. Энэ нь цаашид юунд хүргэхийг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй байна.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр монголчуудын хүнд байдлын талаар мэдээлэл цацагдсаны дараа чехийн хүн ам монголчуудад санхүүгийн болон эд зүйлийн туслалцаа үзүүлж эхэлсэн нь их тустай зүйл болж байна. Даан ч ийм байдал удаан  үргэлжлэх бололцоогүй юм.

     Плзэний “Сайн санааны байгууллага”-аас монголчуудад “Сайн дураараа нутаг буцах хөтөлбөр”-ийг ашиглахыг зөвлөж байна. БНЧУ-ын Засгийн газраас энд хууль ёсоор оршин сууж байгаа гадаадын бүх ажилчдад нутагтаа буцахад нь зориулж онгоцны тийз үнэгүй олгохын хамт 500 еврогийн тусламж үзүүлж байгаа юм. Энэ боломжийг гадаадынхнаас монголчууд л хамгийн их ашиглаж байна. Гэхдээ тэд бүгдээрээ үүнийг  ашиглаж байгаа гэж хэлж болохгүй. Тэдний ихэнх нь байдал сайжирч дахин ажилтай болно гэж итгэсэн хэвээр байна. Хөдөлмөр зуучлалын олон агентурууд  энэ найдлагыг нь тэднээс мөнгө саах хэрэгсэл болгон ашиглаж байна. Зарим тохиолдолд тэд тодорхой төлбөр төлвөл энэ хөтөлбөрт хамруулж өгье хэмээн санал болгож байгаа бөгөөд энэ нь хууль бус үйлдэл юм. Энэ мэт үйлдэл нь олон гадныхныг эл хөтөлбөрт хамрагдахаас татгалзахад хүргэж байна. “Агентурууд дараагийн долоо хоногт ажил олж өгнө гэж хоосон амлаж байгаа үед тэднийг нутаг орондоо буцах хамгийн тохиромжтой цаг нь чухам одоо л бүрдсэн байна хэмээн итгүүлэхэд туйлын хүнд байгаа юм” гэж Хэлэна Духкова тайлбарлалаа.

     Санхүүгийн хувьд хүнд байдалд орохын зэрэгцээ хууль бусаар оршин суугч болж болохуйц байдал нь дараагийн нэг эрсдэл юм. Гадны ажилчдын хувьд ажлын зөвшөөрөл нь дууссаны дараа тэд хууль ёсоор оршин суух эрхээ маш амархан алдаж болно. Хэдийгээр ажил олгогч гадны ажилчныг үргэлжлүүлэн ажиллуулах сонирхолтой байгаа ч гэсэн хөдөлмөрийн товчоод тэдний ажлын зөвшөөрлийг сунгахгүй байх тохиолдол олонтаа байна. Ийм тохиолодолд ганц зөв шийдвэр нь БНЧУ-аас гарч явах явдал юм. Харамсалтай нь ихэнх монголчууд үүнийг ойлгохгүй байна. Тэд БНЧУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар оршин суухаас үүдэн гарах үр дагаварын талаар мэдэхгүй байгаа юм уу эсвэл мэдэхийг ч хүсэхгүй байна. Хууль бусаар оршин сууж байсан хүмүүсийг тодорхой хугацааны дотор чехэд буцаж ирэх эрхгүйгээр захиргааны журмаар хөөн гаргадаг. Үүний зэрэгцээ визний хугацаа нь дууссан хүмүүс түүнийгээ шинэчлэхийг хүсвэл зөвхөн хилээр гарч өөр оронд очиж дахин хүсэлт гаргах хэрэгтэй бөгөөд ийм тохиолдолд хууль бусаар оршин сууж байсан хүмүүс хил нэвтрэх нь асар том эрсдлийг дагуулдаг.  

      “Миний бодлоор бол Засгийн газрын буцах хөтөлбөрийг ашиглан нутаг буцах нь тэдний хувьд өнөөдөр хамгийн зөв шийдэл юм. Тэгээд байдал сайжирсан хойно буцаж ирж болно. Чухам яг одоо чехэд ажиллахаар хүрэлцэн ир гэж би хэнд ч зөвлөхгүй” хэмээн Хэлэна Духкова хэлснээр Плзэнь дэх хүнд байдлын талаарх яриагаа өндөрллөө.

 

 

 


Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie