Чех улсад амьдрахад хэрэгцээтэй зөвлөгөө » Гадаадын иргэд БНЧех Улсад оршин суух тухай » Шийма: Монгол ажилчдаар боолын хөдөлмөр хийлгэж байна

Шийма: Монгол ажилчдаар боолын хөдөлмөр хийлгэж байна

19. Хулгана сарын 2009 | үзсэн хүний тоо: 1918

Чехийн нэрт орчуулагч энд шилжин ирэгсэдийн эмгэнэлт амьдралтай танилцжээ. Чехийн байгууллагууд тэдэнд туслахгүй байна.

/Хавличкув Брод/   Монгол ажилчин амиа хорлолоо. Тэрээр хэлийг нь мэдэхгүй харь оронд ажилгүй бас мөнгөгүй болжээ. Эцэст нь орон гэргүйчүүдийн эгнээнд шилжиж. Амьдралаас сайн дураараа хагацах нь энэ бэрх байдлаас гарах ганц зам нь байсан бололтой. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн Ийржи Шиймагийн үзэж байгаагаар омог бардам Чингис хааны үр сад болох монголчууд Чех улсын хэмжээнд жил бүр олон зуугаараа ийм эмгэнэлт байдалд ордог ажээ. Тухайлбал: Хавличкув Брод хотод 400 гаруй Монголчууд ажиллаж,амьдарч байгаа бөгөөд тэд Высочина мужийн нутагт амьдардаг гадаадынхны дотор тооны хувьд хамгийн том нийтлэгийн нэгийг нь бүрдүүлж байгаа юм. Чехийн байгууллагуудтай харьцах нь тэдэнд ихээхэн бэрхшээлтэй байдаг. Тэд сайхан амьдрах мөрөөдөлдөө хөтлөгдөн эргэлзээтэй зуучлагч агентураар дамжин харийн нутагт хүрэлцэн иржээ. Даанч төв Европод тэднийг хүлээж буй бодит байдал төсөөлж байснаас нь хол зөрүүтэй байна.

     „ Миний бодлоор бол энэ явдал орчин үеийн боолчлол юм“ хэмээн Шийма онцлон хэллээ. Тэрээр чехэд нэр нь ихэд түгсэн монгол хэлний орчуулагчдын нэг юм. Чехийн янз бүрийн байгууллагууд, цагдаагийн газар түүгээр орчуулга хийлгэдэг бөгөөд харамсалтай нь  эдгээр байгууллагуудын аль нь ч хүнд байдалд орсон Монголчуудад бодитой туслалцаа үзүүлэх эсвэл ядаж л ийм тохиолдол ихсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаггүй байна

     Шиймагийн бодлоор мөн ийм байдалд хүрэхэд монголчуудын аливаа юмыг хойш тавьж ихэнхдээ цагийг нь тулгаж эсвэл бүр болохоо больсон хойно нь хөөцөлддөг зан чанар их нөлөө үзүүлж байгаа гэнэ.

     Визний хугацаа нь дуусч ажилгүй, мөнгөгүй бас орон байргүй болсон тэднийг анх зуучилж авчирсан агентур нь зөнд нь орхижээ. „Албан ёсны бүртгэлээр бол Чехэд 12 мянган Монголчууд амьдардаг гэдэг, гэтэл бодит байдалд тэд дор хаяж л 15 мянга хүрсэн байгаа. Зуучлагчид нь тэдгээр монгол ажилчдыг хэрхэн залилан мэхлэж бас луйвардаж байгааг нотлох баримтын хуулбар надад байгаа“ хэмээн Шийма батлаж байна.

     Орчин үеийн монгол „боолчуудын“ эмгэнэлт зам тэд нутагтаа байхдаа зуучлагч агентурын явууллагад автан зуучлуулахаар болсон тэр үеэс  эхэлдэг. Зуучлагч өөрийн үйлчлүүлэгчээ БНЧУ-д тодорхой ажилд оруулахаа амладаг. Гэвч газар дээрээ байдал шал өөр байдаг байна.

 

Хүмүүс хэрхэн „харладаг“ вэ

    

      „Агентурууд ихэнх тохиолдолд түүнийг авчрах хооронд ажиллах ёстой байсан ажлын байр нь үгүй болсныг мэдэгддэг. Эсвэл түүнийг  зөвшөөрөл  гарсан  үйлдвэрт нь ажилд оруулдаг боловч удалгүй туршилтын хугацаанд нь ямар нэгэн  шалтгаан дурьдалгүйгээр ажлаас нь халдаг юм„ хэмээн Шийма хэллээ. Үүний дараа зуучлан авчирсан агентур нь ажлаасаа халагдсан болохыг нь хөдөлмөрийн товчоонд мэдэгдэж тэд цааш нь цагдаад дамжуулснаар цагдаагийн газар түүний оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэдэг. Тухайн халагдсан ажилчин энэ хугацаанд амжиж өөр ажил олж чадахгүй бол визгүй болон „харладаг“ ажээ.

     Чех хэл мэддэггүй хүмүүсийн хувьд ийм үед өөрсдөө холбогдох байгууллагуудад очин учир зүйгээ олох нь боломжгүй асуудал юм.Ялангуяа агентур нь тэднийг харлахад түлхэж байгаа бол бүр ч хэцүү. Гадаадын ажилчид өөр нийтийн байранд нүүн орвол хаягийн өөрчлөлтөө тухай бүрт нь цагдаад тэмдэглүүлж байх ёстойгоо  ч  мэддэггүй байна. Энэ нь бас л чех хэл мэддэггүйгээс улбаалсан бэрхшээл юм. Эдгээр хүмүүс нутагтаа хурааж хуримтлуулсан мөнгөө Чехэд ирэхийн тулд элдэв хахуульд өгөөд дууссан, ирсэн хойноо ажилгүй учир мөнгөгүй болж дээр нь  ажлаа дагаж олгогддог оршин суух зөвшөөрөлгүй болдог“ хэмээн орчуулагч Шийма хэлсэн юм. Зуучлагч агентуруудын эргэлзээтэй үйл ажиллагааг тэрээр ийм маягаар тодорхой  тайлбарллаа.

     Нэгэнт гарах аргагүйгээр занганд орсон Монгол ажилчин юунд ч гарын үсэг зурахад бэлэн болдог. Шиймагийн хэлж байгаагаар ийм байдалд орсон хүмүүсийг агентурууд өөрийн хүссэнээр залж байдаг гэнэ.

     Тэд түүнийг өөр үйлдвэрт ажилд оруулж өгөхдөө монголд амлаж байснаас огт өөр нөхцөлд ажиллах болгодог байна. Ингэснээр авах ёстойгоосоо бага цалин аван өдөрт 15 цагаар ажиллах хэрэгтэй  болдог ажээ. Үүний эсрэг тэмцэх ч аргагүй хэрэв ямар нэгэн байдлаар эсэргүүцвэл агентур нь түүнийг хараар ажиллаж байгааг нь матаж үүнээс үүдэн чехийн газар нутгаас хөөгдөх эсвэл үнэн хэрэгтээ агентураараа дамжуулан хүний наймаа эрхэлж байгаа эзэн өш хонзон санаж юу ч хийж болзошгүй аюултай тул түүний өмнө үнэхээр хүчин мөхсддөг байна.  

 

Харласан хүний амьдрал  

 

     „Чехэд одоогоор гадныхныг ажилд зуучилдаг хоёр мянга гаруй агентур байдаг гэсэн мэдээлэл надад бий. Гэтэл Хөдөлмөр нийгмийн хэргийн яамны бүртгэлд ийм ажил эрхэлдэг агентур 200 байдаг гэнэ.Үүнээс үндэслэн үзвэл үлдэх агентурууд нь хууль бус байгаа тул явуулж буй үйл ажиллагааг нь зогсоох ёстой“ хэмээн Шийма үзэж байна.

     Иймэрхүү зовлонгоос ямар нэгэн аргаар мултарч чадсан Монголчууд ихэнхдээ Чехэд үлдэн хараар ажилладаг. Тэдэнд нутаг нэгтнүүд нь дэм болдог бөгөөд хараар оршин суух явцдаа цагдаа болон холбогдох бусад байгууллагад баригдах нь бий. Ийм тохиолдолд тэднийг байцаахад чехэд байдаг албан ёсны 19 орчуулагчийн аль нэгнийг нь дуудан орчуулга хийлгэдэг. Эдгээр орчуулагчдын 17 нь Монголчууд ба зөвхөн хоёр нь л Чех хүмүүс бөгөөд тэдний нэг нь Ийржи Шийма юм.

 

Архи эсвэл амиа хорлох

 

     „Эдгээр хүмүүсийн хувь тавилан үнэхээр эмгэнэлтэй. Би Украин хүний  агентурт ажилладаг нэгэн монгол эмэгтэйтэй ярилцсан юм. Энэ эмэгтэй Прагад байшингийн суурийн давхар буюу подвалын өрөөнд амьдарч өдөр хоног өнгөрөөдөг юм. Ажил хийж олсон мөнгөнийхөө ихэнхийг агентуртаа өгдөг“ хэмээн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн хэлсэн юм. Зарим Монголчууд орон гэргүйчүүдийн эгнээнд орох эсвэл архичин болох гэх мэтээр үүнээс ч дор байдалд орох нь байдаг, гарах гарцгүй хүнд байдалд орсноос үүдэн амиа хорлох нь ч онцгой зүйл биш болох нь.

     „Цагдаагийнхан эдгээр тохиолдлыг түгээмэл болж байгаа асуудал гэж үздэггүй. Тодорхой нэг хүний хэргийг хянаснаар түүнийг хаахаас биш тэр Монгол ямар замаар чехэд ирсэн болон түүнийг хэн хариуцах ёстой гэх мэт энэ хэрэгт хамааралтай бусад зүйлсийг огт хайхардаггүй. Бусад холбогдох байгууллагууд ч гэсэн гадны ажилчинд оршин суух зөвшөөрөл олгохдоо түүний эрхлэх ажил, оршин суухтай холбогдсон зүйлс ном журмаараа байгаа эсэхийг огт шалгадаггүй“ хэмээн Шийма гомдоллож байв

     Түүний хэлснээр орчин үеийн боолчлол нь Чехийн томоохон хотуудын  үйлдвэрийн бүсэд байрладаг зарим үйлдвэрийн эзэд, эрхлэгчдийн чимээгүй зөвшөөрөлд дулдуйдан  бодитой явагдаж байгаа гэнэ. „Тэдний хувьд өөрсдөө гадаад орнуудад очин ажиллах хүчин сонгож авснаас агентуруудын бэлэн  ажилчдыг хөлслөн ажиллуулах нь хамаагүй хямд тусдаг“ гэж Шийма тайлбарлалаа.

     Орчуулагчийн ажлын туршлагаас үзвэл нутаг нэгтнийхээ тусламжаас хамааралтай амьдралтай Монголчууд хууль, дүрэм зөрчих нь цөөнгүй гэнэ. Аз болж энэ нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцох  ч юм уу эсвэл хар тамхины наймааны сүлжээнд холбогдох гэх мэт ноцтой хэрэг биш байдаг. Тэдний хууль, дүрэм зөрчсөн асуудал нь ихэвчлэн архитай л холбоотой байдаг юм. Монголчууд архи даадаггүй мөртлөө уух их дуртай. Түргэн хөлчүүрчдэг, согтуу үедээ элдэв гэмт үйлдэл хийгээд маргааш нь тэр тухайгаа огт санадаггүй. Жишээлбэл бид согтуу үедээ цагдаатай зодолдон дүрэмт хувцаснаас нь онцлох тэмдийг нь тасласан Монгол эмэгтэйн хэргийг шийдвэрлэж байсан. Тэрээр маргааш нь юу ч санахгүй байсан юм хэмээн орчуулагч ярьж байлаа.

 

Анхаарал татахуйц хэргүүд

 

     Хамгийн хортой нь „харласан“ монголчуудын амьдралын ийм хүнд байдал нь  тэдний ёс зүйн тогтсон хэм хэмжээг эвдэж байгаа явдал юм. Үүнээс болж тэд нутагтаа бол ичиж үхмээр зүйлсийг хийж байна.

     „Монголчуудын соёлд зочломтгой зан гол байр суурийг эзэлдэг. Түүнийг нь зочин хүн хэзээ ч хортойгоор  ашигладаггүй. Би саяхан орох оронгүй болсон монголтой холбогдсон тусгүй явдалтай учирсан. Тэрээр өөрт нь итгэж орох оронтой болгосон хүнээ тоножээ. Ийм явдал монголын хөдөө нутагт хэзээ ч гарч байгаагүй бөгөөд ийм гутамшигтай зүйлийг тэнд хэн ч хийхгүй“ хэмээн Ийржи Шийма хэлсэн юм

     Орчин үеийн боолчлол бий болсныг харуулж байгаа энэхүү үзэгдлийг Чехийн бүх шатны байгууллагууд анхааралдаа авах цаг нь болжээ гэдгийг тэрээр өөрийн баялаг туршлагад тулгуурлан басхүү хэлсэн юм.

     Гадны ажилчдын хөлс, хүчийг хортойгоор ашиглах явдал ойрын жилүүдэд буурахгүй харин ч өсөх байх. Монголын анд нөхдийн нийгэмлэг энэ чиглэлээр дээд зэргээр анхаарах ба холбогдох байгууллага, хүмүүстэй дуртайяа хамтран ажиллах болно. „ Энэ чиглэлээр бүх байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай байна.  Зөвхөн хөдөлмөрийн товчоод, цагдаагийн байгууллагаар зогсохгүй бусад байгууллагууд ч гэсэн үүнд оролцож чингэхдээ нэгдсэн зохицуулалтай ажиллах хэрэгтэй юм. Монгол ажилчдын асуудлыг бүхий л шалтгаан, үрийн холбоонд нь үзэн шийдвэрлэж байхын хамт хууль бусаар, мөлжлөгийн үйл ажиллагаа явуулж байгаа агентуруудыг хязгаарлах хэрэгтэй байна. Саявтар Вьетнам ажилчдад виз олгохыг зогсоосон шиг зөвхөн үндэстний нэг нийтлэгт чиглэсэн арга хэмжээгээр эл асуудлыг шийдэхгүй“ хэмээн Ийржи Шийма хэллээ.

 

Гэрэл зургийн тайлбар:  ОРЧУУЛАГЧ.   Орчуулагч Ийржи Шиймагийн үзэж байгаагаар гадаадад гарч их мөнгө олох мөрөөдөлд автсан Монгол ажилчдын дийлэнхийг нь ийм эмгэнэлтэй хувь тавилан хүлээж байгаа ажээ. Хэл усыг нь мэдэхгүй төв Европын улсад одно гэдэг зальтай зуучлагч этгээдийн гарт хувь заяагаа даатгаж байна гэсэн үг.   

Зургийг:   Штепаанка Саадоуни

Высочина

 


Хэлэлцүүлэх шинэ сэдэв

Веб хуудсын ивээн тэтгэгч

osf

Migrace online

Sdružení pro integraci a migraci

Poradna pro integraci

Centrum pro integraci cizinců

Cizinci v České republice - webová stránka státní správy

Sdružení občanů zabývajících se emigranty

Organizace pro pomoc uprchlíkům

Либэрцийн муж харьяа гадаадын иргэдийг интеграцчилахад туслах төв

Integrační centrum Praha

МЭДЭЭЛЛИЙН УТAC

META o. s. - Sdružení pro příležitosti mladých migrantů

Evropska unie